+976 9590-1970 info@mongoliancontempballet.com

Монголын контемпрари балетын хөтөлбөр (МКБХ) нь соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах үүднээс контемпрари бүжгийн урлагийн бүжигчдэд дэмжлэг үзүүлэх, бүжгийн урлагаар дамжуулж олон нийтэд боловсрол олгох чиглэлээр 2012 оноос үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага юм. Ялангуяа, бид байгаль орчны олон нийтийн боловсролд хувь нэмрээ оруулж ус хамгаалалтын ач холбогдол, агаарын бохирдлын хор уршгийн тухай орчин үеийн бүжгийн жүжиг бүтээж, үзэгч олныхоо таашаалыг хүртсэн.

Тасалбар худалдаж авах: https://www.ticket.mn/event/1057

Энэ жил бид “Чулуун” сантай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Уран Хас” контемпрари балетыг Монголын урлагийн зөвлөлийн санаачилсан “Моушн Монголия” контемпрари бүжгийн олон улсын II-р наадамд зориулж бүтээж эхэлсэн ба цар тахлын улмаас хойшилсон боловч энэ ондоо багтаан танилцуулах боллоо.

Нэрт хөгжмийн зохиолч Ж. Чулууны “Уран Хас” сонгодог бүжгийн жүжгийн хөгжмийг хөгжмийн продюсер, хөгжимчин, дижэй Э.Итгэл орчин үеийн хэв маягт оруулж, авьяаслаг залуу дэглээч Ё. Дамчаабадгар орчин үеийн Хасын тухай шинэ цомнолын дагуу дэглэж найруулан, МКБХ-н бүжигчид амилуулж энэ контемпорари балетыг тавьж байна.. Мөн, энэхүү шинэ уран бүтээлийн хувцасыг “Жей Зозо” брендийн дизайнер Х. Батзориг, тайзны декорацийг медиа уран бүтээлч Б. Бат-Эрдэнэ нар өөрсдийн хүч чадлаа дайчлан бүтээлээ.

Энэхүү орчин үеийн, контемпрари балетын гол санаа нь өөртөө итгэлтэй байж, бусад хүмүүсээс хамаарахгүйгээр зорьсон ажлаа хийгээд урагшлах нь зөв зүйтэй гэсэн санааг манай залуу уран бүтээлчид өнөөдрийн нийгэмд хүргэж байгаад оршино.
Бүжигт орчин үеийн бүтээлч залуу Хас хүлээн зөвшөөрөгдөхгүй, бусдын хандлагаас хамааралтай байгаадаа хэрхэн шаналж байгаа, дурлалт бүсгүйтэйгээ хамт бэрхшээлийг даван туулж амжилтанд хүрч буй тухай өгүүлнэ.
Өөрсдийгөө хайрцаглаж бусдын бодож, хэлж байгаагаас хамааралтай байгаа нь бидний толгойд л байдаг юм байна гэдгийг Хас, Хандармаа хоёр ухаарна. Энэ асуудал нь бидний дунд аль хэдийнээ бугшиж аливаа салбарын хөгжил дэвшлийг уяж хязгаарлаж байгааг манай уран бүтээлч залуучууд олж хараад бусдад хандан өөртөө илүү итгэлтэй, зоригтой, хүчтэй, хөдөлмөрч байхад ард нь амжилт угтаж авна гэдгийг ойлгуулах гэсэн бидний оролдлого юм.
Бидний энэ санал санаачлагыг дэмжиж ажилласан Монголын урлагийн зөвлөл, “Лиссом” балет студио болон MARS-V төслийн хамт олонд талархал илэрхийлье! Хас бол өнөөдөр бидний дунд ажиллаж, амьдарч,дэлхийн төвшнөөс халин, даван сэтгэж байгаа шинийг санаачлагч, оюуныг бүтээгч залуучуудын төлөөлөл юм. Монгол хүний оюун ухаан дэлхийг аврах болтугай!

Дэлгэрэнгүй мэдээллийг
Дашзэгвийн ОРГИЛТУЯА
Монголын Контемпрари Балетын Хөтөлбөрийн үүсгэн байгуулагч ба захирал
Уран Хас Контемпрари Балет Продакшны ерөнхий продюсер
Утас: +976 95901970
И-мейл: dorgiltuya@yahoo.com
www.mongoliancontempballet.com